Sunday, July 1, 2007

Бүтээх хэцүү, нураах амархан

Ийгл телевиз байхгүй болчихлоо. Харамсмаар юм. Монголчуудыг мэдээлэлтэй байлгах, үл хамаарсан хөндлөнгийн мэдээллээр хангах, хараат бус байхын үлгэр дуурайлал, жишиг стандарт тогтоож өгсөн мэдээллийн хэрэгслэл юмсан. Надад хоёр дахин харамсалтай байна. Хэдийгээр янз бүрээр ярьдаг, цуурдаг боловч энэ зурагтын эзэн нь ч, хөрөнгө оруулагч нь ч, хувьцаа эзэмшигч нь ч би биш л дээ. Харин санаачлагчдын нэг нь яах аргагүй мөн. Ийгл телевизд загалмайн шашны хандлага бий. Гэхдээ хорсогсодын муучилж байгаа шиг шашны хэдэн фанатикууд хамаг мөнгөө шашин суртчилахад тооцоогүй хаяад байгаа юм огт байхгүй. Би бол өөрийн үеийнхний нэгэн адил огт шашингүй хүн. Гэхдээ загалмайн шашин юу нь муу байгаа юм гэж боддог нэгэн. Хулгай битгий хий, хуурч битгий мэхэл гэхээр л монголчууд хордож сүйд болох гэж үү?

Ийгл телевизийг санаачилж буй болгосондоо би бахархдаг. Надад улаан мөнгөний сонирхол байгаагүй. Yүгээр далимдуулаад улс төрийн нөлөөгөө өргөсөх ч санаа агуулаагүй. Харин ч үүнээс болж хэлэх хэлэхгүй үгээр аашлуулж, гүтгүүлж явсан. Гэхдээ бид мэдээллийн чөлөөт хэрэгслэлтэй болбол нийгэм эх оронд маань, үр хүүхэд, ирээдүйд маань л хэрэгтэй гэж бодсондоо тэсээд явдаг байлаа. Тэгээд ч телевизээс ашиг гарвал тэр нь зөвхөн Монголын ард түмний сайн сайханд зарцуулагдана гэсэн гэрээг анх хийсэн билээ. Нөгөө хэсэг үүсгэн байгуулагчид нь Америкийн ердийн бизнес эрхлэгчид. Тэдэнд монголчуудыг хорлоодохоё, шашин сүжгээрээ далимдуулаад жаал юмыг нь завшаадахъя гэсэн өчүүхэн ч бодол байхгүй. Сайхан хүмүүс байдаг юм. Буян хийе, ядарсандаа туслая гэсэн ариун санаа агуулсан хэдэн хөгшчүүд.

Телевиз байгуулагдсан цагаас эхлээд л манайхан ч сайн сүйдэлсэн дээ. Антен байрлуулаад дөнгөж дуусангуут Монголын талыг төлөөлсөн нэг сайхан гар өнөөхийг нь банкинд барьцаалаад мөнгө туучихсан шараа түлээ болгож байлаа. Яван явсаар ашиг үл харагч сайн хүмүүс Монголын талын партнер болсон юм. Гэтэл тэрнээс “сайн” хүмүүс телевизд нэгэнт бий болчихжээ. Тэр “сайн” хүмүүс хов хутгаж, хооронд нь яс хаясаар байгаад Ийглийг хаалгаж санаа амрав. Энэ телевизийг байгуулахад ямар их эрч хүч, хүчин чармайлт, сайн санаа, хөлс хөдөлмөр гарсан гэж санана. Харин нураахад тун ч бага өртөг зарцуулагдлаа. Ардчилсан хүчний зурагт, ард нь Баабартан нуугдаж байгаа гээд л Дэд бүтцийн яамаар хөөцөлдсөн л байгаа юм.

Ийгл байхгүй болчихлоо. Yнэн зөв, хөндлөнгийн тэнцвэртэй мэдээлэл өгдөг байсан ганц хэрэгслэл маань будаа болчихлоо. Бидний оюуны мэлмий нэгээр анилаа. Биднийг чөлөөт нээлттэй нийгэмд дасан төлөвшихөд зүйрлэшгүй нэмэр болсон Ийгл маань чад хийчихлээ. Монголд ардчилал байсаар байгааг батлах сүүлчийн гэрч алга боллоо. Надад л лав тун харамсалтай байна. Танд ямар санагдана?

No comments: