Sunday, July 1, 2007

Өө, Нямдорж сайд чинь тагнуул биш болж таарсан гэнээ!

1921 онд Архангай аймгийн Хашаат суманд МАХН-ын анхны намын үүр байгуулагдаж дарга нь таглаа хочит Жамъян гэгч болжээ. Өчигдөрхөн өрвийж нурнайсан юм байснаа шинэ засгийн өнгөн дээр сүржин гайхал болж үсчиж цовхчин, хүн хүн рүү агсран шорон гяндангаар айлгах болсон тэр адгийн амьтанд нутгийнхан нь дуу зохиожээ. Тамгийн даргын суудлыг булаалаа, Таглаа Жамъянгаас өөр хэн байхав гэх мэтээр дуулах тэр дууны дахилт нь:
-Ай х
өө, таглаа Жамъян ч хүнээ байжээ хө гэнэ. Энэ тухай партизан Дамдингийн дурсамжид тодорхой бий.
80 жилийн дараа Хашаатын
өвөгчүүл аяга ёроолдож суух зуураа биендээ сонин болгож “Хөөрхий муу Нямдорж сайд чинь тагнуул биш гэнэ шүү дээ, тэгэж ярьсан хүмүүс нь ял авчихлаа” гэж хүүрнэлдэж байх учиртай юм байна. Ийм хүүрнэлийн өртөг долоон жил! Үхтлээ зүтгэсний хүчинд муу ч гэсэн энэ орны генерал цолд нь хүртэл дэвшсэн, тэгсэн мөртөө өөрийнхөө төлөө гэхээсээ улс орон гэж гүйсээр байгаад өмссөн хувцаснаасаа өөр юу ч үгүй хоцорсон, хэдийгээр До яаманд насаараа зүтгэсэн боловч өдгөө хүн сүрдэхээр юмгүй болтлоо насандаа дарагдаж үе нь өнгөрсөн зайлуул өвгөн генерал тэрээр Нямдорж сайдын нэр цэврийг батлахын тулд үлдсэн амьдралаа шоронгийн чийгтэй хүйтэн карцерт өнгөрөөхөөр боллоо.
Баатар генералд улс орноосоо уравсан учраас д
өрвөн жил, сайд хүнийг гүтгэсэн учир гурван жил, нийлээд долоон жил хатуу дэглэмтэй гяндан өгчээ.. Цэвэр улс төрийн ял. Хаанаас нь ч хараад ямар ч эрүү байхгүй. Монголын түүхэнд яаж ч цагаатгаад чанга дарангуйлагч нэрээр үлдсэн Цэдэнбал олон хүнийг улс төрийн хилс хэргээр шоронд хийсэн. Гэхдээ долоогийн долоон жил өгч байсан нь үгүй. Удирдагчийг шүлэглэн “гүтгэсэн” Чойном дөрвөн жил авч байлаа. “Хятадын тагнуул” нь илэрсэн Оршихын.Цэдэндорж зургаан жил сонссон. “Хөдөлмөрийн бус орлого” гээч юмаар Цэдэнбалын насны дайсан Лоохууз зургаан жил авсан. Баасанжав, Ламжав нар “социалист ололтыг гутаан гүтгэсэн” хэргээр 3-5 жилийн хөдөлмөрийн колонийн “эрх” эдэлж байв. Долоон жил, тэгээд хатуу гяндан автлаа Цэдэнбалын уурыг хүргэсэн “гүтгэгч” нэг ч байгаагүй. Цэдэндорж “зохиосон гүтгэлэгээ” Хятадын элчингийн хашаа давуулж шидэж байсан, Ламжав “зохиосон гүтгэлгээ” НҮБ-рүү явуулах гэж байсан, Чойном “зохиосон гүтгэлгээ” гар бичмэлээр олонд тарааж байсан. Харин Баатар генерал “зохиосон гүтгэлгээ” Монгол улсын Ерөнхийлөгч рүү илгээжээ.
Нямдорж
өөрөө бол цуутай гүтгэгч. 1998 оны Банкны реформын үеэр олон хүнийг түүний дотор миний биеийг цусгүй гөрдөж байсан. Үүнээс болж би сэтгэл санааны төдийгүй, гэр бүлийн хүрээнд амь насны хохирол амссан. Түүнийг харахаар нүд минь хорсдог. Миний нэр төр гэдэг наддаа ариун зүйл. Гэхдээ миний нэр төрийг сэргээн тогтоохын тулд хэн нэг нь шорон гяндан хүртлээ яллагдах ёстой гэж үү? Нэр төр минь хэчнээн үнэтэй гээд өртөг нь хязгаартай шүү дээ. Би зарим сонин этгээд шиг гүтгүүлэх тусмаа өнгө ороод байдаг гутлын тос биш л дээ, гүтгүүлэхээр бие зарс хийгээд явчихдаг. Гэхдээ миний нэр төр хэчнээн үнэтэй байгаад ямар ч хөсрий амьтан ганц хоног шоронд суух үнэ өртөггүй. Надад бусад ихэнхи хүмүүсийн адил жудаг гээч юм бий. Ийм жудаг Цэдэнбалд ч байжээ.
Өдгөө нэгэнт Үндсэн хуулиар эрэмблэгдсэн эрх ашигуудыг дахин шинээр ангилах боллоо. Хуулиас гадуур шүү дээ. Нэгэн сайд намуудын уулзалтын үеэр “Үндэсний эрх ашигаас дээгүүр юм гэж байхгүй” гэж тайлбарлаж байлаа. Нэгэн депутат зурагтаар “Зарим нэг хүн хувийнхаа эрх ашигийг нийгмийнхээс дээгүүр тавих гэж санаархаж байна” гэж дүрэмдлээ. Саяхан Тагнуулын газар сүржин боловч уялдаа холбоо муутай маанагдуу мэдэгдэл гаргасандаа “сэжигт өртөөд байгаа Энхбат гэгчийн эрх, эрх чөлөөг гэмт хэргийн илрүүлэлтээс илүү чухалд тавих гэсэн оролдлого гарч байна” гэж загнаад ингэх гэж оролдвол хохь чинь шүү гэж сүрдүүлжээ.
Гэтэл 1992 онд батлаад даруй 12 жил м
өрдөж буй Монгол улсын Үндсэн хуулиар эрх ашгийн эрэмбийн оройд хувь хүний эрх ашиг байхыг хоёргүй нэг утгаар заан хуульчилсан билээ. Чухам тэр Энхбат болон энхбатчуудын, чиний, миний, Доржийн Дондогийн хувийн эрх ашиг, эрх, эрх чөлөө нь ямар ч үндэсний эрх ашиг, нийгмийн эрх ашиг, эх орон, ард түмний эрх ашиг, гэмт болон гэмт биш хэргүүдийн илрүүлэлтийн эрх ашигаас хавьгүй дээгүүр зүйл юм. Энэ бол миний тайлбар биш, хуулийн үг үсэг, утга санаа, үндсэн логик. Худлаа гэвэл эрх биш ичих булчирхай нь ажилласаар байгаа Улсын их хурлын Аюулгүй байдлын бодлогын байнгын хороон дарга нэрт профессор доктор, хуульч Лүндаажанцангаас асуу.
Үндэсний, улс орны, ард түмний эрх ашиг гэдэг дэндүү тодорхой бус, тэр хэрээрээ аюултай томъёолол юм. Аль нэг До яамны сайдын дур зоргоор мөнөөх нийгмийн гэгдэх эрх ашиг нь тодорхойлогдох гэмтэй учраас л аюултай. Ийм тодорхойлолтоор хэн ч хэрэгт орж болно. Иймээс ардчилсан иргэний нээлттэй нийгэмд хувь хүний эрх ашгийг нэгд тавьж эрэмбэлдэг. Энэхүү хязгааргүй эрх, эрх чөлөө нь зөвхөн өөр нэг хувь хүний хязгааргүй эрх, эрх чөлөөгөөр л хязгаарлагдана. Түүнээс биш ард түмний, олон түмний, үндэсний, хэргийн илрүүлэлтийн гэх мэтийн эрх ашигаар хязгаарлагдахгүй. Манай одоо мөрдөж байгаа иргэншсэн ардчилсан Үндсэн хуулийн маань амин сүнс, үндсэн логик нь энэ!
Баатар генерал м
өнөөх үл ойлгогдох үндэсний эрх ашиг, Нямдоржийн жудаг хоёрын нийлбэрийн золиос болоо. Үндсэн хуулийн утга санааг алдагдуулан зөрчиж “эх орноосоо урваж үндэсний эрх ашгийг зөрчсөн” хаяг дөрвөн жил, Нямдоржийн хүн чанар гурван жил.
Ичсэн х
үн чих огтолдог болохоос хэзээ нэгнээ шоронд хийж байлаа! Одоо сонгууль болно. Хүмүүст “Миний тагнуул бишийг шүүх батлаад цаад хүнийг нь шоронд хийчихсэн” гэж баахан сурталчлах юм биз дээ..Тэгээд дахиад депутат болох нь. Хөөрхийг тиймэрхүү юм болохоор нь цаадуул нь цаашлуулаад “эх оронуудч” цолоор шагначихаж. Тэр цолтойгоо шорон ханхлуулаад л баахан хэсэж таарах нь. Зарим нь үнэмшинэ, ихэнхи нь айна. Тэр ялна, яллана. Харин цаг түүхийн шүүхийн пянг даах болов уу? Өөрийн найз, өмнөх сайдыгаа гүтгэж шоронд оруулаад амь насыг нь хилсдүүлсэн “ариун гавъяаны” нэлээд олон хувь нь Нямдоржид бас ноогдоно.
-Ай х
өө, тагнуул Нямдорж ч хүнээ байжээ хө!

No comments: