Sunday, July 1, 2007

Казиногийн хэрэг

ДАШЗЭВЭГ
Казиногийн хэргийг
үүсгэх гол шалтаг нь УИХ-д МҮАН-аас сонгогдсон Хэнмэдэхийн Дашзэвэг гэгч байлаа. Үнэндээ эрүүл гэхэд эргэлзээтэй нэгэн. МУИС-д эдийн засгийн анги төгсөөд “Үнэн” сонинд сэтгүүлчээр ажиллаж байжээ. Оюутан байхын МАХН-д элссэн хэмээн уул байгууллагын намын хуралд суудаг байсан аж. Дараа нь “Үнэн” сониноос “Ардын эрх” салахад тэнд очсон байна. Шинэ сонин олон ургалч үзлээ харуулахыгн тулд идэвхитэн бичигч бөгөөд Ардчилсан холбооны гишүүн Мягмарсүрэнг сэтгүүлчээр авахад ихэд эсэргүүцэн эгдүүцэж байв. Харин өөрөө чадал тэнхээгээр тааруу, тэгээд ч архинд дуртай нэгэн тул удалгүй тэндээсээ хөөгдөж, яагаад ч юм шинэ байгуулагдсан МҮАН-ын шинэ хэвлэлд сэтгүүлч, дараа нь эрхлэгчээр оржээ. Мөн яагаад ч юм Өвөрхангайд нэр нь дэвшин, бас л яагаад ч юм төвөггүй ялалт байгуулан гишүүн болсон аж.

Дашзэвэг архинд донтойгоос гадна мөрийтэй тоглоомд шуналтай нэгэн. Ийм төрлийн тоглоомд Зориг ч их дуртай. Тэгээд мөрийтэй мушиг тоглохдоо Дашзэвэгийг байнга урина, харин хүнийг нь тоодоггүй тул бусад нөхөдтэйгээ эвсэн мөнгийг нь хавсайдаж салгах гэж оролдоно. Улаанбаатарт хууль журамгүйгээр хоёр ч казино ажиллаж байсанд Зориг, Дашзэвэг нар байнга ордог байжээ. Түүний гол хийдэг ажил ууж согтуурах, мөрийтэй тоглох. Ялангуяа согтуурах явдал нь гаарч сүүлдээ өвчний шинжийг олов. Албан тасалгаандаа ганцаараа архи уугаад унаад өгсөн тохиолдол цөөнгүй.
Цагаан солиотой болчихсон энэ х
үн нэгэн гоё криминал зураглал босгож ирээд цагдаагийнханд мэдэгджээ. Тэр зураглал ёсоор Да.Ганболдын өрөөнд нэг удаа ортол Энхбаатар, Да.Ганболд нар цүнх дүүрэн мөнгө тоолоод сууж байсан гэнэ. Дашзэвэгийг ороод ирэхээр тэд сандралдан ширээгээр нэг дэлгэсэн боодол боодол доллароо цүнхлээд Дашзэвэгт нэг боодол 100-тийн доллар бэлэглэсэн аж. Энэ нь уул нь 10 000 доллар баймаар атал тэрээр 2 000 доллар байсан гэж ярьдаг ба үүнийхээ 900 доллароор нэг гонжоом худалдаж авсан, үлдсэнээр нь архи ууж, казинод тоглож үрж дуусгасан гэж ярив. Үнэндээ Монголд 900 долларын гонжоом байсангүй.
Ийм яриа гаргах гол шалтгаан нь хамгаалалтанд орох гэж бодсон бололтой. Зоригийг алагдсаны дараа Да.Ганболд, Бат-
Үүл нарыг бие хамгаалагч байнга даган хамгаалж, машин тэргээр зөөж байсныг хараад өөрөө мөн чингүүлбэл зүгээр санагдсан бололтой. Түүний өгсөн мэдүүлгүүдэд “Би маш их зовж байна. Тун хэцүү байдалд байна. Надад тусламж, хамгаалалт хэрэгтэй байна. Би өөр бас нууц юмнууд мэдэх учир намайг хэн ч хэзээ ч яаж ч магадгүй юм” гэсэн үг маш их тэмдэглэгдсэн байдаг.

Сонирхолтой яриагаа тэрээр ганц цагдаад төдийгүй, Тагнуулын газар, Ерөнхийлөгчийн тамгын газар, Үндэсний аюулгүй байдлын хороо, ойр хавийнхаа найз нөхдөд “цааш нь битгий хэлээрэй, их нууц шүү” гэсэн анхааруулгатайгаар ярьжээ. Энэ ярьсан болгон нь тухай бүрд өөрчлөгдөн сүүлдээ хэн ч учрыг нь олохоо болив. Чухам энэ марзан яриа хийрхэл хардлагад автаж эрүүл сэтгэлгээгүй болчихсон орчинд тэнгэрээс бууж ирсэн Бурханы мэдээлэл лугаа сонстжээ. Дашзэвэгээсээ өөрцгүй болчихсон орчин нь энэ яриаг амтархан сонсоод үнэмших нь үнэмшиж, үнэмшихгүй нь ч үнэмшиж.

ХУЛАН
Казиногийн хэрэг гэгчийг
үүсгэх шалтаг нь Дашзэвэг байсан бол шалтгаан нь мөн МҮАН-аас УИХ-д сонгогдсон Хашбатын Хулан гэгч байлаа. Боловсрол, оюунаар Дашзэвэгтэй зэрэгцэх нэгэн биш. Москвад Олон улсын харилцааны сургууль төгссөн, эрдмийн зэрэг цолтой, орос, англи, францаар маш сайн харин монгол хэлэндээ нэлээд тааруу. Өссөн орчин нь энэ эмэгтэйг боловсролтой ч болгосон, бунтовщик, хартай, парнойтой ч болгосон аж.
Монголын ахмад дипломатуудын нэг эцэг Хашбат нь ерд
өө л азгүй хүн байлаа. Өөрийгөө үеийнхнээсээ толгой илүү гэж үздэг, бусдаас түрүүлж эрдмийн зэрэгтэй болж намын гишүүн болжээ. Гэтэл бусад нь дэвшээд байдаг, харин мань хүн үргэлж хоёр гуравдугаарт зэрэгт үзэгдэнэ. Гай болтол Энэтхэгт ажиллаж байхдаа хүн дайрч алсан байна. Ингээд бүр ч дэвших шансгүй болох нь тэр. Дахин бүхнийг шинээр эхэлж хичээж явсаар ерээд оны үед анх удаа элчин сайд болон Белградад суутал тэнд иргэний дайн эхлэн Монгол дипломат албаа татлаа. Эргээд иртэл хувьсгал гарч тэтгэвэртээ суух нь тэр. Азгүй эцгийн бүх амьдралын золиос нь хүүхдүүд нь юун түрүүн болжээ. Шудрага бус нийгэмд хавчигдаж байгааг үргэлж сонсож, эргэн тойрон аюумшиг нөмөрсөн ертөнцөд шудрага үнэнийг төлөөлөн суусан Хулан нийгмийн хувьсгалыг баяртайгаар угтан авч нэгдэн нийлсэн нь мэдээжийн зүйл байв. Харин УИХ—д суусан мөчөөсөө л мөнөөх парной нь хөдөлж эргэн тойрноо хардаж эхэллээ.
Т
үүнээс гадна түүний нөхөр С.Баяр бас л нэг азгүйд тооцогдох нэгэн. Эцэгтэй нь нэгэн адил азгүй бүтэлгүй тохиолдол бүрээ нийгэм ялзарч, шудрага бус явдал ноёрхсоноос үүдэлтэй гэж үздэг. Өөрийнх нь бодлоор гэгээрч боловсорсон тэрээр нийгмийг тэргүүлэх учиртай. Гэтэл бас л үргэлж сэтгэл дундуур. 1997 оны ерөнхийлөгчийн сонгуулиар түүнд Тамгын газрын дарга болох хувь тохиов. Өөрийн үзэж чаддаггүй, Да.Ганболд, Энхсайхан нарыг унагаж авах нь түүний бараг амьдралын зорилго болж байв. Ижил хорсол дээр тогтсон эр эм хоёрт Дашзэвэгийн балай яриа чухал бололцоо гаргаж өглөө.

КАЗИНОГИЙН ХУУЛИЙГ УНАГАВ
Казиногийн нэгэнт
үйлчлээд эхэлсэн хуулийг хүчингүй болговол Зоригийн аллага илрэнэ гэдэгт Баяр, Хулан нар баттай итгэж байлаа. Энэ зэргийн өндөр боловсролтой дээр нь парнойтой хүмүүс алив үйлдлийг урьдчилан мэдсэн байдаг онцлогтой. Тэд Зориг юунаас болж алагдсан хэн захиалж хийлгэсэнийг яг таг мэдэж байгаа, гагцхүү гүйцэтгэгчийг мэдэхгүй хараахан нотлогоо гараагүй учир асуудлыг хутганы ирэн дээр тавьж өгөх хэрэгтэй аж. Өөрсдийгөө талийгаачийн хамгийн сайн найз нөхөд нь байсан гэдэгт өөрсдөө ч итгэж эхлэв. Зоригийн дүү Оюуныг халамжлан хүмүүжүүлж улс төрийн энэхүү орооцолдсон, шудрага бус, энд тэндгүй идэж уусан бузар ертөнц рүү зөв залж оруулахыг өөрсдийн эрхэм үүрэг гэж үзжээ. Хээл хахууль идэж шамшигдуулалт эргэн тойрныг бүрхчээд байгаа ба тэд Зоригийн хамт энэ бүхнийг эсэргүүцсэн учраас найз нь алагдсан, одоо Зоригийн аугаа шудрага тэмцлийг үргэлжлүүлэх хэрэгтэй гэж эр эм хоёр шинковт байнга сургана.
Ингээд энэ б
үхнийг илчлэх нарийн учиг казинод байгаа учир хуулийг нь хүчингүй болгох хэрэгтэй тухай ухуулав. Үүний дараа Хулан МАХН-ын бүлгийн дарга Энхбаяр дээр очиж хамтарч шудрага явдлыг нэг мөсөн тогтоохыг уриалж тусламж гуйжээ. Хувь заяаны эрхээр Энхбаяр нь энэхүү казиногийн тендерийн хэрэгт нэлээд гүнзгий хутгалдчихсан байсан юм. Энхбаяр өөрийн бүлгээс Ганди, Нямдорж хоёрыг хамтарсан шудрага явдал тогтоогчоор томиллоо. Хулангийн хувьд казиногийн хуулийг хүчингүй болгох өөр бас нэг шалтгаан байв. Тендерт ялагдсан компаний эзний хамтран амьдрагч бүсгүй нь түүний ганц сайн найз аж.
М
өнөөх анти-казино хуйвалдагчид дараа нь Дэшзэвэгийн багтдаг “Техноартын 13” гэх бүлэглэл дээр очин нэмэлт тусламж гуйн толгойлогч До.Ганболдтой нь уулзжээ. Эндээс гардан орогчоор Энхтайван томилогдов. Ингэж аваад анхны хурлаа хийв.
-Казиногийн хуулийг х
үчингүй болгочихвол казино эрхлэгчид эргэж мөнгөө нэхэхдээ өгсөн хахуулиа бас нэхэж тооцоо бодох учир энэ нь маш үр дүнтэй зам мөн гэж Нямдорж тодорхойллоо. Энэ үйл хэргийн төлөө амь биеэ зориулахаа Ганди ёслол төгөлдөр мэдэгдэв. Гадаадын хөрөнгө оруулалтанд муугаар нөлөөлж магадгүй тул түр азнавал яасан юм бэ гэж Энхтайван санал болгосон нь Хулангийн хилэнг хөдөлгөжээ. Тэрээр хүний амь бусниулахад хүргэсэн ийм муухай хуулийг хүчингүй болгох явцдаа алсан эзнийг нь гаргаж ирэх гэж байгаа ариун сайхан үйлдлийг шал дэмий нэг гадаадын хөрөнгө оруулалт гэгчээр шаантаглах гэж байна гэж Энхтайваныг зэмлээд хэрэв бусад нь айж байгаа бол өөрийн бланкан дээр хууль хүчингүй болгох хуулийн төслийг бичнэ гэж мэдэгдлээ.
Б
үхий л хууль дүрэм дэг жаяг үйлчилэхээ нэгэнт больжээ. Хуулийн төсөл Засгийн газраар ч орсонгүй, өргөн баригдсан өдөртөө УИХ-д орж ирэв. УИХ нь дотроо Зоригийг алсан, Зоригийг алаагүй гэсэн хоёр бүлэгт хуваагджээ. Зоригийг алаагүйчүүд өнөөдөр яллагч нар, эзэн, жинхэнэ хууль тогтоогчид. Зоригийн алсанчууд гэмтнүүд, гэмээ нуухын тулд хуулийг хүчингүй болгохыг эрс эсэргүүцэцгээв. Хэдэн сарын өмнө Казиногийн хууль батлаж байхад улайран эсэргүүцэж, энэ хууль цаг үеэ олоогүй байна гэж байсан Бат-Үүл, Болдхэт нар өнөөдөр Зоригийг алсанчуудад багтах тул нэгэнт батлагдсан хуулийг хүчингүй болгох нь алсын хараагүй, гадаадын хөрөнгө оруулагчдыг үргээсэн, улс орны хөгжилд хортой зүйл гэж байлаа. Зоригийг алаагүйчүүд болох МАХН, “Техноартын 13” өөрсдийгөө “Зориг агсны фракц” гэж шинээр нэрлэх болсон Хулангийн бүлгийнхэн түрүүн хууль батлагдахад дэмжиж байсан бол өнөөдөр казино бий болсноор Монголд аллага хүчирхийлэл газар авна хэмээлдэн хуулийг хүчингүй болгохоор цогтой тэмцлээ.
Үүнээс гадна хуулийг хүчингүй болгох нь хортой гэж мэдэж байсан боловч үүнийг эсэргүүцвэл Зоригийг алсан хэрэгт орооцолдох вий гэж эмээсэн олон хүн байв. Ийнхүү казиногийн хууль 80 орчим хувиар батлагдаж байсан бол хэдхэн сарын дараа мөн хувиар хүчингүй боллоо.

АНГУУЧЛАЛ
Одоо Зоригийн аллага казино хоёр холбоотойг батлах н
үр хөдөлмөр эхэлж мэргэжлийн ба мэргэжлийн бус бүх хүрээнийнхэн ханцуй шамлан орцгоов. Үүн шиг хэтэрхий илэрхий, улайм цайм, цаад захиалсан эзэд нь дэндүү тодорхой хэрэг урьд өмнө тохиолдож байгаагүй байх. Гагцхүү зарлах л үлдлээ.

No comments: