Sunday, July 1, 2007

Социолизмыг ардчилж болох уу?

Ардчилал, социалист ардчилал хоёр ямар ялгаатай вэ?
-
Өлгүүр, дүүжлүүр хоёр шиг ялгаатай.
1989 оны 12-р сарын 28-нд Ардчилсан социалист х
өдөлгөөн байгуулагдсан билээ. Социализмыг улам төгөлдөржүүлнэ гэж уриалж байсан Ардчилсан холбоонд сөрж буй болсон олон нийтийн хөдөлгөөн. Социализм, коммунизм нь уг үзэл суртлын хувьд буруу хандлага, энэ утгаараа харгис юм гэж Ардчилсан социалист хөдөлгөөнийнхөн үзэж байлаа. Үүнийг тэр үеийн “Үг” сонин дээрээс тод харж болно. Ямар сайндаа МСДН-ыг бүртгүүлэх гэж дээд шүүхэд очиход Шаравдорж гэгчээс уул намыг “Лениныг болоод социализмыг муулж, мөн чанарыг нь харгис гэж гүтгэлээ” хэмээн гомдоллон бүртгэхээс татгалзаж ч байлаа. Энэ тухай тодорхой баримт нэгэнт хадгалагдан үлджээ. Тэр үеийн “Үнэн” сонинд МАХН-ын үзэл сурталчид МСДН, АСХ-ыг жижиг хөрөнгөтний харгис үзэлтнүүд, дэлхийн социал демократ хөдөлгөөний хамгийн баруун талыг нь баримтласан харгис сурталтан гэж хочилж байв.

1990 оны 3-р сарын 2-нд Монголын социал демократ нам байгуулагдлаа. Шинэ намд ямар нэр өгөх талаар маш удаан маргаан өрнөсөн юм. Мэдээж ихэнхи нь Ардчилсан социалист хөдөлгөөн нам болж буй учир “Ардчилсан социалист нам” гэсэн нэр өгнө гэлээ. Энэ нь Социал демократ намын монгол орчуулга байх учиртай аж. Гэвч хэсэг эрдэмтэн, гүн ухаантан, нийгэм судлалынхан хөдөлшгүй баримт, тайлбараар үүнийг эсэргүүцэн мохоож эцэст нь гадаадаар нэрлэх нь намаа олон түмэнд таниулахад ихээхэн бэрхшээл учрахыг ойлгож байсан боловч аргагүйдэн гадаад үг оруулж “Монголын социал демократ нам” гэж нэрлэж билээ.

Ямар тайлбар байв? Социал демократ гэдэг бол социал хүрээг ардчилана гэсэн үг. Түүнээс социализмыг ардчилна гэж байж болшгүй зүйл. Коммунизм, социализм нь хэдийгээр сайхан зүйл суртчилдаг боловч цаад мөн чанар нь харгис суртал. Социализм, коммунизм л социал хүрээг үнэн хэрэгтээ хамгийн тэгш бус, шудрага бус, ардчилалгүй болгодог. Социализмын мөн чанар нь социал хүрээг хооронд нь ялгаварлан, сайн муу анги гэдгийг суртчилж, нэгийг нь нөгөөгийнх нь эсрэг сөргүүлэн тавьдаг. Чухам энэ чанараараа социализм ардчилал хоёр нь бие биендээ харш үзэгдэл. Ийм ултай тайлбар гарсан учраас гадаадаар нь намаа нэрлэх болж билээ. Өөрөөр хэлбэл нийгмийн бүхий л социал хүрээг ардчилахын төлөөх улс төрийн нам гэсэн үг.

Өдгөө Ардчилсан нам өөрийн хөтөлбөр, үзэл суртлыг олонд зарлаад ирэхээр манай угшлын коммунистууд, өчигдрийн нагаржунайчид өнөөдөр “Ардчилсан социалист үзэл” гэгчийг тайлбарлах аядаж эхэллээ. “Зууны мэдээ” сонинд нэгэн сурталч мөнөөх Ардчилсан социалист үзэл гэгчээ Адам Смиттэй хүртэл холбож тайлбарласан байна шүү. Адам Смит нэг тусдаа, ерөөсөө мөн чанараараа ардчилж болдоггүй социализм бүр шал тусдаа тухай яриад байвал дуусашгүй юм болно. Зүүн Германы коммунистууд, Италийн коммунистууд 1990 оноос хойш намаа Ардчилсан социализмын нам гэж нэрийдэх болсон, гэвч соёлжиж иргэншсэн тэр газар хонины арьс нөмөрсөн чоно хол явдаггүй бололтой. Тэднийг лав л Социнтерн-д элсүүлэх тухай яриа ч гараагүй. Сонгуулиас сонгуульд хүч нөлөө нь харисаар.

Бодоо Монголыг хятадуудын гараас салгахыг зорьж байсан, Данзан капиталын замаар улс орноо хөгжүүлье гэж байлаа, Гэндэн ард түмнээ баяжигтүн гэж байлаа – бүгд буудуулсан. Дараа нь Чойбалсан аллага хядлагаар капитализмыг алгасна гэсэн, Цэдэнбал коммунизмд очно гэсэн, Даш-Ёндон эртний Энэтхэгийн нагаржунайн онолыг шүтнэ гэсэн, Энхбаяр маань социализм коммунимыг ардчилна гэсэн.
Энхбаярын маань бас нэг сонин
үг бий: “Ардчилал коммунизм хоёрын дундуур явахыг гурав дахь зам гэдэг юм. Би өөрийн ард түмнийг дагуулаад гуравдахь замаар явна” гэж Америкийн телевизд ярилцлага өгч билээ.
үгээр ардчилал, социалист ардчилал хоёр ямар ялгаатай юм бэ?
үгээр сандал, цахилгаан сандал хоёр шиг ялгаатай.

No comments: