Sunday, July 1, 2007

Сvvлд нь уучлал гуйх гэж би бичдэггүй

"Тагнуулч" Нямдорж бүр дүрдээ итгэчихжээ. Сайдын албыг Рихард Зорге, Шерлок Холмс гэх мэтийн ганц хоёр орчуулгын ном уншиж, мөнөөх Ганс Колостой кино үзэж дөрвөн жил өнгөрөөсөн тэрбээр одоо өөрийгөө жинхэнээсээ хэн болохоо ч ойлгохоо больсон бололтой.
Өнгөрсөн жилд хууль ёс гажуудах, хээл хахууль дэлгэрэх, гэмт хэрэг гаарах байдлаар Монгол орон өөрийн бүх түүхийн рекордыг эвдлээ. Хууль ч бүр гууль болж дууссан. Дээрэмчид "Мөнгөө өгөх үү, амиа өгөх үү?" гэж асуухаа ч больсон, шууд л нагаандаж орхино. Хутга моодноос гарчихлаа шүү дээ. Гэрч үлдээхгүй гэж гэр бүлээр нь хүйс тэмтэрч, нялх хүүхдийн хоолой хэрчиж байна гэж урьд нь монголчууд дуулаагүй байсан бол одоо сонин хэвлэлийн ч сенсаци болж чадахгүй байна.
Ард т
үмэн төрөө сонгодог, Засгийн газар нь хууль хэрэгжүүлэх үүргийг гүйцэтгэдэг, үүн дотроо Хууль зүйн яам энэ асуудлын учгийг барьдаг. Хэрэг хариуцдаг сайдаа хар! Эцэст нь юу тооцох гэж энэ нөхрийг сэнтийд залсан болж байна? Шерлок Холмстой төстэй байна уу, Ганс Колос шиг үсэрч харайхдаа гаргууд уу, хаалганы хавтсанд чихээ нааж цоожны нүхээр сохолзохдоо сүрхий юу гэдгээр нь хэмжих гэж Монгол оронд үйлчлэх хуулийн биелэлтийг хариуцуулсан хэрэг үү?
Одоо т
үүний хариуцдаг ажлыг нийгмээрээ тас мартжээ. Нэг хэсэг нь "тагнуул", нөгөө хэсэг нь "эх оронч" гэж цоллоно. Хүн алж хүрээ талах ажил "нийтийн субботник" болж, амгалан амьдрах бололцоогүй болж буй асуудал биш, гол нь Нямдорж тагнуул уу, эх оронч уу гэдэг нь л манай гэгээгүй хар нийгэмд илүү чухал бололтой. Гэтэл Нямдорж аль нь ч биш. Ядахдаа зальтай гайхал ч биш. Өөрийн амьдарч буй нийгэмдээ таарсан мунхагийн туйл. Цэргийн Ерөнхий командлагч гэгчээр Шоронгийн Ерөнхий командлагч гээд өөрийгөө ойлгочихсон тэрбээр хаашаа л харна гяндан цөллөгөөр заналхийлж явдаг солиотой нэгэн болжээ. Идэх хоол нь хомсдож, өмсөх хувцас нь улам нимгэрэхийн зэрэгцээ алуурчин дээрэмчдийн сүхэн дор айж эмээн явах ард түмэн энэ мэдрэл муутай хүнийг харан хоорондоо талцаж аваад маргалдан хоног төөрүүлэх нь юутай гачлантай, юутай өрөвдөм. Үнэндээ бол юутай жигшим.
Нямдорж энэ нийгэмд юу б
үтээсэн юм бэ? Ядахдаа хүнд хэрэг болчихмоор хоёр өгүүлбэр хэлсэн юм уу? Өөрийн байтугай хүний орны хуулийг зөрчиж, Монгол орныг дэлхийн шившиг л болголоо, түүнээс болж Монголын элчин сайдууд байгаа газраасаа хөөгдөх болов. Зочид буудалд бүртгүүлээд өрөө авчихаж чадахгүй энэ зайлуул амьтан долоо хоногт л нэг гадаад явна, явсан газар болгоноо Бээжин гэж ойлгоно. Бусад хүнийг ийш тийш явахаар "Надаас айгаад Бээжин рүү зугтчихлаа" гэж ярина. Нямдоржоос илүү наргиантай өвчтөн Шар хадаар нэг байна шүү дээ, заавал ингэж зугаацах учиртай юм бол тэднээс шилж авчраад сайд болгоцгооё л доо. Үнэндээ тэр бол хүн гойдлон шохоорхоод байхаар өвчтөн биш шүү дээ, байдгийн л нэг нь. Харин монголчууд ийм төрийн сайдтай болж аваад наргиж суудаг нь эрүүл газрын хэмжүүрээр гойд сонин зүйл л дээ.
Би т
үүнийг "тагнуул биш", "сөрөх тагнуул бүр биш", "улсын бичиг баримт зөөж гүйгээгүй нь ойлгомжтой" гээд согтуу галзуудаа жаахан бэлэг сэлтэнд унаж хэрэгтэй хэрэггүй юм бураа л биз, хүн шохоорхох сонин биш хэмээн бичсэн билээ. Гэтэл "манай Ганс Колосын" гол бизнесийг нь унагасан хэрэгт унаадахав. "Тагнуул биш ээ" гээд байхад чинь "Чи намайг буруу хэллээ, тэдний тэдэн цаг минутанд буруугаа хүлээхгүй бол шоронд хийнэ" гээд цамнаад унана гэдэг наргиантай гэхээсээ өрөвдмөөр л юм даа.
Тийм л шоронсог юм бол намайг хэвт
үүлээд авах сэдэв түүнд мундахгүй. 1998 оны зун Эрх чөлөөний талбай дээр юу гэж орилж байсныг нь мартсан хүн байвал тэр үеийн хэвлэлийг сөхөөд үз л дээ. Түүний үг үнэн юм бол би банк идээд, улсын 27 тэрбум төгрөг ачаад алга болсон юм гэнэ лээ. Ямаа хулгайлаад нэг хэсэг нь шоронд хэвтэж байна, тийм их мөнгө идэхийг минь харсан юм бол би тэр ноцтой хэрэгтээ сууя л даа. Түүнээс биш би сүүлд нь хэн нэгнээс уучлал гуйх гэж бичдэггүй. Өөрийн бичсэн зүйлийнхээ цэг таслал болгоны төлөө хариуцлагаа хүлээж чадна. Чухам тэгэхийн төлөө төрсөн, тийм л учраас бичдэгийм. Ажил хийвэл хариуцах шиг хариуцна, Ганс Колостой кино сэтгэл догдлон үзэж суудаг нас маань аль дивангалавт өнгөрсөн.

2004.2.25

No comments: