Sunday, July 1, 2007

Yертэй, тагнуултай, жуулчингүй

Ардчилсан тогтоцыг арван жил хараасан нэгэн “бөө” хэдхэн хоногийн өмнө “гавъяат” боллоо. Өөрийнх нь гавъяат болж байгаа, Ерөнхий сайд Би Би Си-ийн зурагтаар англиар ярилцлага өгч байгаа хоёр сайхан явдал давхцсан нь цаанаа учир жанцантай, ерөөлтэй хэрэг гэнэ. Гэтэл Би Би Си юу үзүүлэв?

Зориут моготгосон асуултыг сэтгүүлч тавина. Мэдээллийн хэрэгслэл чинь өөрийн чинь гарт байдаг юм байна шүү дээ гэж ирээд л нүдээ том болгов. Ерөнхий маань хариулж байна: Танай Би Би Си шиг Японы NHK, Германы Дойчэ Вэллэ шиг болгох санаатай байгаа гэнэ. 1999 оны хуулиар уг нь олон нийтийн телевиз болчихсон байсныг нь хууль зөрчин гар доороо булааж авснаа тас нуугаад хэлсэнгүй. Би Би Си асууж байна: Дөнгөж 50 хувийн санал авчихаад ингэж “данхалзаж” болдог юм уу? Дахиад асууж байна: Та ер нь өөрийн удирдаж байгаа орноо ардчилсан улс гэж бодож байгаа хэрэг үү? Хариуд нь манай Ерөнхий хадуурч өглөө: Сонин хэвлэл өөрийг нь их гүтгэдэг, доромжилдог гэнэ, тэр байтугай гэр бүлийг нь “оролддог” гэнэ, өөрөө бол ардчилалын золиос (англиар бүр target гэсэн шүү) болчихсон амьтан л гэнэ. Өөрийг нь гэр бүлтэй нь доромжилдог учраас Монгол бол ардчилсан улс гээд байгаа юм уу, доромжлуулсан учраас хариуд нь дарангуйлсан ч яадаг юм гээд байгаа юм уу? Аль ч соёлжсон оронд ард түмэндээ гүтгүүллээ гэж удирдагч нь гадаадын телевизээр уйлагнадаггүй, гүтгэгчийг шүүхэд өгөөд л асуудлыг иргэншсэн байдлаар шийддэг.

Дараа нь Гүндалай УИХ-ын нээлтэн дээр бичиг барьж зогсоог харуулаад, “Эдэнд парламентдаа үг хэлэх эрх олддоггүй юм” гэж тайлбараллаа. Цагдаа нар Гүндалайг хүч түрэн баривчилж буй бичлэгийг нэмж харуулахаа Би Би Си мартсангүй. Долоон буудлын долоон хүүхэдтэй ядуу айлыг харуулсан чинь цаад матаач нь сүүлийн гурван жил амьдрал гэж авах тамтаггүй болсон тухай ярив. Африк, Латин Америкийн аль нэг цуст дарангуйлагчтай хийдэг тогтсон хэв загвараараа Би Би Си Энхбаяраас ярилцлага аван үзүүлж доош нь хийлээ. Би Би Си Энхбаярыг маань адгийн амьтан болгож бүх дэлхийгээр нэг харуулав. Би Би Си, Си Эн Эн энэтэр Мушараф, Кадафи, Хусэйн, Иди Амин, Бокассо нарыг “алах” гэхээрээ л ингэдэг юм. Яг л ингэж утга холбоо тааруутай шушмаа англиар яриулж байгаад л “гүтгэнэ дээ”. Ардчилалын хурлаа хийж сүр сүндэрээ мандуулах гэж байхад нь зориуд яг өмнө нь хийж байгаа юм даа. Нэвтрүүлэг (мэдээ л юм даа) дороо “Коммунистууд буцаж ирсэн нь” гэсэн гарчиган бичигтэй байсныг нь яана! Энэ дэлхий чинь Би Би Си-д л үнэмших болохоос манай Цагийн хүрдийг үзээд ч итгэхгүй л дээ. Урьд нь “Стар ТВ” -ээр “Коммунизм ардчилал хоёрын дундуур явахыг гуравдахь зам гэдэг юм, иймээс би чинь Монголын Тони Блэйр байхгүй юу” гэчихсэн, Дойчэ Вэллэгийн сурвалжлагч гэгч “өдөөн хатгагчид” баахан “доромжлуулсан” болохоор сонирхдог нэг нь үргэлжлэлийг нь үзэж буй хэрэг.

Би Би Си ингэж харууллаа гэж хөөрөөд байх юм алга, ямар би захиалсан биш, ердийн л нэг үзэгч. Харин Монгол орноо ардчиллаас ухарч дэвшлээс зайлсхийж байгаа дүр төрхтэй болгосны хувьд Энхбаяр буруутай. Дэлхий биднээс нүүр буруулж эхлэж буйн дохио биш үү? Энэ зун Эрхүүгийн Говорин, Японы Хашимото хоёр л ирлээ. Хоюуланг нь Ерөнхий маань дагуулаад л баахан зугааллаа. Аргагүй шүү дээ, жилдээ 20 мянга гаруй ирдэг байсан жуулчид түмбэржүржиг, ганц ирсэнд нь Ерөнхий маань л өөрөө гардаж үйлчлэхээс. Бат-Yүлийн тракторчдын цуглааныг тараахын тулд хаа хол чимээ нь дөнгөж сонсогдож байсан САРС-ыг Монголоор нэг түгсэн мэт заралдаг нь өөрийнх нь буруу шүү дээ. Талбай дээр тракторчид хэд хоног суугаа л биз, үүний өртгөөр олон арван сая долларын орлого оруулах байсан жуулчдыг үргээх хэрэггүй л байсан юм. Монголд жуулчлах жил гээд байсан чинь “Монголдоо жуулчлах жил” байсан юм байна л даа.

“Тагнуулын хэрэг” тарвага айрагтайгаа зохицолсон амттай даруулга болоод, хур бороотой сайхан л зун боллоо. Yер болж хүн амьтан хэлсддэг нь л тааруу хэрэг. Тэгэхээс тэгэх гэж байгаа юм шиг үерийн хамаг хохирол УИХ-ын гишүүн Намбарын Энхбаярын өөрийнх нь сонгуулийн тойрог дээр л болов. Юуны шийтгэл юм бол? Хариуд нь мухар сүсэгтэй Ерөнхий маань баахан нямба хийлээ. Гандангийн хамбаас МАХН-ын засгийг шашин шүтлэгт хамгийн ээлтэй төрөөр зарлав. Ум маалий мусмали хум пад. Яг энэ үед МАХН-ынханы алж шудсан, тархийг нь цоо буудсан хэдэн мянган ламын цогцос Хамбын овооны хогон дотроос гарч ирэх нь тэр. Аръяавал гэгээн сахиус минь, тэдний сүнс бүү хоргодох болтугай. Ум бадма нэхэ бимали суухаа.

“Yнэн”, “Зууны мэдээ” сонины өнгө аясыг ажиглав уу? Сонгуулийн хугацаа дуусаж байгаа болохоор “ингэж хийлээ, тэгэж бүтээлээ” гэж л тайлагнаж баймаар. Гэтэл “Ардчилсан хүчин тэгэж хагараад ингэж сүйрээд, Элбэгдорж нь ингэх бололтой, Гончигдорж нь тэгэж л таарна” гэсэн юмаар дүүрэн. Мэдээж гүтгэлэгээр чимэхгүй бол МАХН МАХН биш болчихоно шүү дээ. Да Ганболд Гачууртад 300 х 200 метр эдлэнтэй гэнэ. Хөл бөмбөгийн зургаан талбай нийлүүлсэн шиг юм болж байгаа биз? Хэн дуртай нь очоод үз л дээ (Би очиж үзсэн), уг нь хааш хаашаа дөрвөн метр зуслангийн модон байшин л байна билээ. Хийсэн бүтээсэн тухай хэлэх юмгүй болчихоороо хий нэг дүйвүүлж хөөрхий ард түмний анхаарлыг өөр тийш нь чангааж байгаа ухаантай юм. Ард түмэн амар хууртдаггүй бололтой. Америкийн мэргэжлийн хүмүүс ирж судлагаа хийгээд Ардчилсан хүчнийг МАХН-аас 10 хувь илүү санал авч байгааг тодорхойлов. Гэтэл “Америкууд худлаа ярьж байна, тэд ийм судлагаандаа угаасаа муу” гэж ирээд л Гэгээрлийн сайдын хувийн “Прогноз” хэмээх “судлагааны газраас” Энхбаярын “хувийн телевизээр” хараал ерөөлөөр чимэглэн заналхийлэх юм. Социологи гэдэг хүндэтгэвэл зохих нарийн шинжлэх ухаан, уулын инжинер Цанжидийн мэддэгээс нэлээд цааш даваад гарчихсан эд байх аа.
Ардчиллын хурал болно, амаа мэдэж яриарай гэх маягтай зарлал л их гарч байх шиг байна. Би эх орондоо хайртай, хамааг
үй хүнээр муулуулах дургүй. Гэхдээ Энхбаярын МАХН, “тагнуулын хэрэг”, алагдсан лам нарын цогцосын буруутан, хуурамч амлалтыг харин эх оронтойгоо хольж хутгаж ойлгодоггүй учир үүнийг бичив.

No comments: