Sunday, July 1, 2007

Феодал сайд

1992 онд шинэ Yндсэн хууль батлахад газрын асуудал хамгийн эмзгийн нэг байлаа. Удтал маргалдан хэрэлдэж, царайчлан гуйсаар хот суурин газар, газар тариалангийн эдэлбэрийг зөвхөн Монгол улсын иргэнд эзэмшүүлж болно гэсэн заалт оруулсан билээ. Газар бол монголчуудын хувьд юу ч биш, газрын хэрүүл зөвхөн гадаадад байдаг, монголчууд хаа дуртай газраа бууж суудаг гэсэн ойлголт тэр үед их түгээмэл байж билээ.
1750 оноос хойшхи бичиг дурсгалын з
үйл өдгөө архивт үлджээ. 1750-1924 хүртлэх үлдэж хоцорсон бичиг баримтын ихэнхи нь дээш нь хийсэн зарга, гомдол байдаг. Одоогийнхоор бол шүүхэд гаргасан нэхэмжлэл юм биз дээ. Yүний ихэнх нь газрын маргаан. Билчээр, өвөлжөө хаваржаа булаацалдсан гомдол л байна. Өвөг дээдсийн нутаглаж байсан газрыг нь хэн нэг нь эзлэн билчээрийг нь булаасан тухай гомдоллож, гэрч татсан нь нэн элбэг. Ингэхээр монголчууд ч гадаадынхантай нэгэн адил үе үеийн турш газрын маргаан гаргадаг байжээ. Газрын маргаанд ялагдсан хэсэг дөрвөд, торгууд алс Европ хүртэл нүүн Халимаг улс болсон нь түүхийн хувьд саяхны явдал.
Гэхдээ монголчууд хэзээ ч газрыг
өмчилж байсангүй. Газар нь хэн нэгний эзэмшилд байдаг байжээ. Энэ оны 5-р сараас эхлэн газар анх удаа иргэний өмчлөлд очих гэж байна. Энэ бол том дэвшил. Харин газрын өмчлөл феодлын маягаар хийгдэх аваас энэ нь дэвшил биш ухралт!

Хүн газрыг эзэмшин үр тариа ургуулж эхэлсэн тэр үеэс л хэсэг бүлэг хүн нийт ашигтай газраа хэдүүлхнээ хувааж авчихаад, хүн амынхаа ихэнхийг боол, хамжлага маягаар газар дээрээ ажиллуулдаг байв. Хамжлагад хувьд нь бага шиг газар түрээсээр эзэмшүүлнэ. Хамжлага нь газрын эзний мөнхийн зарц, мөнхийн хараат. Yүнийг феодлын харилцаа гэнэ. Yйлдвэржилтийн хувьсгал гарч, капитализм буй болох хүртлэх хүн төрлөхтний 6000 жилийн түүхэнд дэвшил гэхээр юм тун барагтай байв. Феодлын харилцаа нийгмийг урагшлуулдаггүй, баяжуулдаггүй, дэвшүүлдэггүй аж. Газар бол хөдөлмөрийн бүтээл биш, байгалийн хишиг. Феодол, помещикууд газрыг эргэлтэнд оруулдаггүй, арилждаггүй, өөрснөө тариа тарьдаггүй. Тэд өндөр түрээсээр зүгээр мөнгө олж суудаг бэртэгчингүүд. Тэд капиталистууд, хувийн хэвшлийнхний нэгэн адил хуруу хумсаа хуйхалж байж мөнгө олдог улс биш. Ердөө л паразит, нийгмийн шаар, хүний хүч хөдөлмөрийг сорогч нар. Yүнийг үе үеийн олон мэргэд, зохиолчид шүүмжлэн шоолж, элэглэж, жигшиж байсан. Гоголийн “Амьгүй албат”-ыг сана!

XVI зууны дундуур Голландад хувьсгал гарлаа. Газрын эздээс газрыг нь хураан авч дуудлага худалдаанд оруулах, тариачдад тараах, хамжлагын ёсыг халах үйл явдал болсон байна. Голланд ийнхүү дэлхийн хамгийн анхны хөгжил цэцэглэлийн үрийг тарих нь тэр. Дараа нь төстэй явдал Англид болжээ. Феодлын бурангуй ёсыг халж, газрын шинэтгэл хийсэн орон болгон илбэтэй юм шиг түргэн хөгжих болов.

III Александр хаан Орос оронд 1862 онд хамжлагыг халан, газрын шинэтгэл хийлээ. Муусайн помещикуудыг ч алж өгсөн дөө. Японд үе улиран дарангуйлж байсан Шогуны феодлууд 1868 онд ийм хувь заяанд өртсөн. Yр дүн нь өнөөгийн хөгжингүй Япон орон. Хамжлагат ёсноос салж, газрыг эргэлтэнд оруулснаар л нийгэм хүлээснээсээ салж хөгждөг номтой ажгуу. Yүнийг тухайн үедээ суут сэтгэгчид нь олж харж хэлдэг байсан байх, өнөөдөр энэ энгийн үнэнийг дунд сургуулийн дунд сурлагатан ч мэднэ.
1924 оны Yндсэн хуулиар Монголд газрыг улсын
өмч гэж зарласан. Олон зуун жил малчин монголчууд газар өмчлөхөө байг гэхэд эзэмшдэг байсан уламжлал ийнхүү тасарсан юм. 1991 оноос өмчийг эзэнтэй болгосон. Гэхдээ газрын асуудлыг шийдэлгүй явсаар өдий хүрсэн. Хуучин сангийн аж ахуйнуудыг Ху намын дарга нар маань хуваагаад хувьчлаад авчихсан. Тариаланчид болохоор тэднийг сангийн аж ахуйн байшин барилга, үр тарианы агуулах, трактор комбайн хувьчлаад авчихлаа гэж бодож явжээ. Гэтэл газрын хууль гараад иртэл аль ерэн хэдэн онд хууль гараагүй байхад газрыг нь хувьчлаад авчихсан юм шүү гэж тэд ёслол төгөлдөр мэдэгддэг байгаа! Өөрөөр хэлбэл газрыг тариачдад биш, газрыг помещикуудад. Газрыг помещик сайд Насанжаргалд, гишүүн Содхүү, Гунгаадорж, Өөлд нарт!

Yнэндээ сангийн аж ахуйн байшин барилга, трактор комбайн хувьчилж авснаас хойшхи хэдхэн жилд Сэлэнгэ, Төв, Булганы газар тариалангийн районд феодлын харилцаа нэгэнт тогтож амжижээ. Хонгорын сангийн аж ахуйд өнөөдөр га газрыг 15 мянган төгрөгөөр түрээслүүлж байна. Хууль гараагүй байхад байгалийн хишгийг дээрэмдэж авчихаад өнөөдөр га тутмаас нь ийм мөнгө зүгээр сууж завшиж буй хэрэг. Зарим аятайхан газрыг хятадууд ирээд ганц га-г нь сая төгрөгөөр түрээслэн шийгуа тарьж байна. УИХ-ын гишүүн, шудрага царайлагч, эх орноо бодогч тэрээр хэнээс юугаараа дээр гэж байгалийн хишгийг ямар ч хууль журамгүйгээр дамлан түрээслэж, нийгмийг хожиж, пaразитлаж байх эрхтэй юм бэ?
Х
өдөлмөрийн баатар тракторч, комбайнч нэг нь яахав хохирог, хамжлага болог, помещик сайд, феодал УИХ-ын гишүүн хожиг, нийгмийг пaразитлаг, байгалийн хишгийг дамлаг, үүнийг яахав гэж бодъё. Гэтэл нийгэм маань регрессив байдлаар ухран феодлын харилцаанд нэг хэсэг нь орохоор Монгол орны цаашдын хөгжил дэвшлийн тухай санах ч аргагүй болно. Иймээс феодлын харилцаанаас ангижрах нь эх орноо боддог хэн хүний амин асуудал мөнөөс мөн.

Газрыг феодлын маягаар эзэмшдэг, боолын хөдөлмөр ашигладаг Өмнөд хэсгийнхнийгээ дарж авч, газрыг нь эргэлтэнд оруулж, хамжлага боолчуудыг нь чөлөөлөх явдал өөрсдийнх нь амин чухал хэрэгцээ болсон учраас л үйлдвэржсэн Умартынхан иргэний дайн өдөөн цуст тулалдаан дэгдээсэн билээ. Yүнийг 1864 оны АНУ-ын иргэний дайн гэж түүхэнд тэмдэглэх болжээ. Иргэний дайн болж Өмнөдийнхөн ялагдаагүй бол, газрыг эргэлтэнд оруулаагүй бол, газрыг хамжлага боолын хүчээр өмчлөн ашигладаг заншил хэвээр байсан бол өнөөгийн хүчирхэг Америк орон үгүй байх байсан гэдгийг өнөөдөр дунд сургуулийн дунд сурлагатан ч мэднэ.
Эх орныхоо эрх ашгийн тулд
үүнийг өнөөгийн шинэ помещик сайд, шинэ феодал гишүүн нар мэдтүгэй, аюутугай! Мөнгө цагаан, нүд улаан - тэр үнэн, гэхдээ эх орны эрх ашиг мөнхийнх!

No comments: