Sunday, July 1, 2007

Хасбуу тамгатай тэмээн поло

Монголчууд цол гуншинд унаж үхдэг ард түмэн. Энэ бол бидний нэг үндэсний онцлог чанар юм даа. Ноён дарга гээд жаахан өндийгөөд ялгарах юм бол улам их ялгарахын тулд өөр дээрээ цол гуншин овоолж өгнө. Бага хаадын үед нэгдсэн төр гэж байсангүй, ноёд болгон өөрийн эзэмшил хүрээтэй. Биенээсээ давахын тулд өөрсдөдөө гуншин өгнө. Мэргэн, сэцэн, баатар гэх зэрэг "ориг" монгол гуншингаас гадна тайж, тайпуу, зайсан зэрэг харь гаралтай цол хэрэглэнэ. "Ориг" монгол гуншин дуусангуут Төвд, Манж, Хятад руу уралдан гүйж газар шорооноосоо таслан өгч, бэлэг сэлт барьж байж ван, гүн, бээл, бэйс, бошгит гээд учир нь олдохгүй гуншин худалдаж авна. Түүгээрээ биендээ сайрхана. Улсын хаан нь өөрийгөө Чингис Богд гэж нэрлэнэ. Жишээ нь Лигдэн хаан өөртөө ийм цол өгч байв. Гэтэл түүх ганцхан Чингис Богдыг мэдэх билээ.
Одоо сонгууль д
өхөөд ирсэн чинь манайхны архаг хууч хөдөлж эхлэв бололтой. Зусарчид ийм л үед од шүүрдэг дээ. Цаад "Чингис Богдод" нь харин хариуд нь тараах од аль зэрэг олон байгаа юм бол? Ийм нэг наргиантай үзвэр хоёр гурав хоногийн өмнө Баянгол буудалд болж улс даяар зурагтаар цацаж марзан юм болов. Зусарчид өөрсдөө ичихээ мэддэггүй улс, хүний өмнөөс ичих л хэцүү юм гээч. 150 хүнээс "Түүхэнд хамгийн мундаг нь хэн бэ, яагаад МАХН гэж бодож байна?" гэж асуугаадахсан чинь 133 нь "Тийм" гэж хариулж гэнэ. Ерөөсөө асуулт нь "ажлаасаа халагдах уу, амьтайгаа хоцрох уу" гэж шууд тулгасан асуулт. Ингээд Энхбаяр хэмээх "их Богдыг" хаан хүний 30 шинж бүрдсэн гэж үзээд Хасбуу тамгаар мялаалаа. Мэдээж гомонууд шиг үнсэлдэнэ. Нөгөөх нь их таашаал авч байгаа бололтой.
Хаан х
үний 30 шинжид юу ордог юм бол. Лав л давхидаг морины шинжид ташаа том, алцай уужуу, хамрын угалз бүрээ мэт гэж ордог юм гэнэ лээ.
Хубилай хаанаас гаралтай Хасбуу тамгын хувь заяа одоо болтол мэдэгддэгг
үй. Лигдэн хаан Хөх нуурын хавьд нуусан гэж монголчууд ярьдаг. Харин 1636 онд Манжийн Абахай уул тамгыг өөрийн гарт оруулсан учир нийт Монгол Улсыг захирах эрхтэй гэж зарласан ба үүнийг нь Зүүн Монголын 16 аймгийн ноёд зөвшөөрөн хуралдаж Абахайг Монголын хаан ширээнд залж байв. Манай шинэ цагийн Чингис Богдод Ху намын 16 ноёдын чуулганаас шилжүүлэн өгч буй Хасбуу тамга "ориг" юм бол Хятадын Цинхайд уулнаас олсон, эсвэл Бээжингийн Үндэсний төв музейгээс дальсан байж таарна.
Өнөө цагийн эзэн Богд маань Хөвсгөл нуурын зүг "дайлаар" мордлоо. Зорилго нь мөнөөх гайхал Гүндалайг нутаг дээр нь хөмөрч унагах. Хөвсгөл нуур дээр өвлийн жуулчлал хөгжүүлэх гэнэ. Нэг солонгос түүнд болно гэж ам алджээ. Ганц нэг зоригтон олдох л байх л даа. Хасах 40 хэмд дэд бүтэцгүй газар эзэн Богдтой мөсөн шагай тоглох гэж ирдэг гадны жуулчны эрэлхэг зоригийг магтууштай.
Дараа нь бусад зусарчдын сонгогдохоор товолсон газар руу эзнийг нь дагуулаад эзэн Богд
өөрийн биеэр заларна. Оочерын нэгд Цанжид. Яагаад гэвэл "Манай нам хүнийг цусгүй алдаггүй" гэж зарлалаа. Үнэхээр 37 онд Монголын насанд хүрсэн бүх эрчүүдийн хорин хувийг цусыг нь үзэж алснаа бахархан дурсаж буй бололтой. Одоо эзэн Богдоо дагаад Говь-Алтай орно. Тэнд товлочихоод байгаа юм. Түүний өмнө шоронд орох уу, депутат болох уу гэсэн Гамлетийн гэмээр асуулт тулчихаад байгаа л даа. Говь-Алтайд тэмээн поло дэлгэрүүлж дэлхийн аялал жуулчлалын томоохон төв болгоно. Говь-Алтайнхан итгэмтгий, амархан хууртдаг. Бас мэдээж ердийн монгол хүний хувьд цол хэргэмд унамхай. Үүнийг гярхайгаар ажигласан Цанжид мэдэлдээ байдаг тэрний энэний гэх "тэргүүний ажилтан" цолны тэмдгийг шуудайгаар нь аваачиж тараасан. Нэгэнт өөрийнхөөсөө цаашихын амьдралыг дээшлүүлж чадахгүй, ядуурлаас гаргах түмэн буюу арван мянган хүний лимит аль тэр жил дууссан учраас төмөр тараасан нь амар л даа. "Юм үзээгүй юм болохоороо манай хүргэн Дэмбэрэл баярлаж байна гэж жигтэйхэн" гэлээ гэгчээр "Манай алтайнхан юм үзээгүй юм болохоороо тэр муу тэмдэгт баярлаж, тэмээн полод үнэмшиж л байна."

No comments: