Sunday, July 1, 2007

Архи уух сайхан

Архидан согтуурах нь нийгмийн үзэгдэл болохыг олон жилийн өмнө тогтоожээ. Гэмт хэрэг, биеэ үнэлэх, архидан согтуурах зэрэг нь нийгмийг хамарсан үзэгдэл болж буйн цаад шалтгаан нь өөр юу ч биш, чухам ядуурал, ажилгүйдэл, гуйранчлал аж. Будда бурханы сургаснаар алив зовлонгийн үр дүнтэй бус гагцхүү зовлонгийн шалтгаантай тэмцэх ёстой ажгуу. Бурхан Буддагийн сургаснаар ч, өнөөгийн иргэншсэн олон нийгмүүдийн авч буй арга хэмжээний үр дүнгээс ч харсан хэрэвзээ архидан согтуурах нь нийгмийг хамарсан зовлон болсон бол түүний цаад шалтгаан болох ядуурал гуйранчлалыг арилгах ёстой болой.
Архидалт нийгмийн хавтгай
үзэгдэл болуут зовлонгийн шалтгаантай биш үр дүнтэй тэмцсэн түүх дэндүү баялаг. 1917 онд америкчууд Үндсэн хуулиндаа өөрчлөлт оруулж байгаад л архийг хорив. Үүний дараа энэ хуулийг санаачлагчдын нэг Сандэй гэгч “Нулимс хатлаа, ядуу хороолол зөвхөн дурсамж болов. Шоронг дэлгүүр, хорих газрыг үйлдвэр болгож хувиргана. Хүмүүс нүүр бардам, хүүхнүүд инээдтэй, хүүхдүүд хөөр наадамтай. Там нэгэнт ашиглалтаас гарч “түрээслэнэ” гэсэн бичиг хаалган дээрээ наажээ” гэж хууль хэрэгжсэний дараахи амьдралыг итгэл төгс мөрөөдөж байлаа. Бүх юм эсрэгээр эргэсэн. Мафи цэцэглэж, хууль бус орлоготнууд олширч, нийгэмд гэмт хэрэг, ялангуяа зохион байгуулалттай гэмт хэрэг газар авч, биеэ үнэлэх, хулгай дээрэм хэрээс хэтрэв. 1929 оны хямрал нэмэлт цохилт болон Америк орон сүйрлийнхээ ирмэгт тулсан хойно ингэж тас хорьж мангартаж болдоггүй юм байна” хэмээн хууль тогтоогчид ойлгож хуулиа цуцалжээ.
Горбачевийн перестройкаг ганц гутаасан з
үйл нь түүний архитай тэмцсэн явдал. Мянган жил ургасан усан үзмийн талбайг устгаж хүүхдийн тоглоомын талбай болгож байв. Манайд үүнийг дуурайж мөн ч хөгөлсөн дөө. Тэр үеийн архины оочирын гэрэл зураг ч хадгалагдан үлдэж. Архигүй хурим хийвэл албан газар нь байр өгнө, байрны төлөө ийм марзан ёслол энд тэнд үйлдэх боловч тэр хэрээрээ элбэг байр гэж хаа байх билээ. Чухам тэр үед монголчууд гэртээ самагон, бараашиг эсгэж сурцгаасан. Нүүр арчих зориулалттай “Лосьен” хэмээх шингэн дэлгүүрийн лангуунаас агшин зуур алга болж улаан архичидын биш зүгээр л хааяа балгачихдаг энгийн хүмүүсийн ходоод руу юүлэгдсэн. Сүүлд нь толоноор өрхүүдэд архи олгох болж сардаа байтугай жилдээ архи авдаггүй айл энэхүү нандин ховор зүйлийг картаар хэдэн шилээр нь авч баяр хөөр болдог боллоо.
Ядуурал нь архидан согтууралын эцэг.
Үүний үнэн болохыг бид ерээд оны эхээр харсан. Улс даяараа найган ганхаж байлаа, дэлгүүрт давснаас өөр юу ч үгүй. Гэхдээ л үргэлж согтуу байх архи яаж ийгээд л бүгдэд нь олдоно. Ерээд оны дундаас хойш архидалт их гайгүй болсон. Харин сүүлийн гурван жилд дахин өсөх хандлагатай боллоо. Үүнийг статистикийн тоо баримтаас харж болно. Энэ хооронд зөвшөөрөлтэй архины үйлдвэр хоёр гурав дахин олон болжээ. Архитай тэмцэх бүр архидалт нэмэгдээд байгаа хачин гэмээр хамаарал харагдаад байгаа биз!
Архидалттай (ганц энэ биш, ер нь алив с
өрөг үзэгдэлтэй) шууд халз тулан хориглон тэмцэх нь уул тэмцэгчид хэд хэдэн том ашиг унагадаг зүй тогтолтой. Юу түрүүн уул тэмцэгчийн нэр хүндийг богино хугацаанд богино настайгаар өсгөнө. Ард түмэн, эх орон, тив дэлхий, галактикаа хүртэл хайрладаг, түүнийхээ төлөө хайран сайхан амиа яйран болгосон ч тоохгүй гэсэн нийгмийн үнэлэмж хурдан тогтоно. Ялангуяа ухамсар дорой нийгэм ийм зүйлд нүдэнд харагдсанаараа дүгнэх болохоос анализ дүгнэлт, гарах үр хорыг тооцоолж чаддаггүй. Хоригийн үр дүнд эргэлзсэн хэн нэгэн рүү мөнөөх цогт тэмцэгч “нийгмээ архинд живүүлж устгах холын бодолтой шаар” гэх зэргээр хашгичин хараах ба энэ нь хоцрогдсон нийгэмд тэмцэгчид бүр илүү оноо үнэлгээ авчирч өгөхийг нь яана.
Хоёр дахь ашиг нь шууд эдийн засгийн шинжтэй. Хориглон чандлахаар шулуудсан тэмцэгч маань ихэнхи тохиолдолд хуулийн хэрэгжилтийг хянагч буюу лиценз з
өвшөөрлийг олгогч зохицуулагч болон хувирна. Үүнээ дагаад түүний гарт урьд хэнд ч байгаагүй өвөрмөц эрх мэдэл ороод ирнэ. Энэхүү онцгой эрх мэдэл нь тэмцэгч буюу тэмцэгчдэд хууль бус орлогын ундрага болж өгнө. Чухам түүнээс л асууж, түүнээс л гуйж байж аяга тагш юм олно, эсвэл мөнөөх хориог зөрччихсөн бол тэр л өршөөж чадна. Архи, пиво, спирт зэрэг найман нэрийн бараа борлуулах онцгой лецензийн эрхийг До яамны сайдын эхнэр хариуцдагийг хэлэх нь илүүц биз.
Шууд хорио анх ярьж сурталчилсаны эсрэг
үр дүн өгөх нь өөрөө нийгмийн хууль. УИХ сая үдэш архи зарах түгээхийг хуулиар чандалчихлаа. Гэвч хэн ч шөнийн хоёр цагт бааранд коко кола уух гэж ордоггүй учраас эрсэнээ олж л таарна. Энэ үйлдэл нь хууль бус учраас өөр үнэ, өөр ёс суртахууны төвшинд явагдана. Хууль зөрчсөн хэрэгт эцэст нь нийгэмд хэзээ ч гай болдоггүй хүмүүс өртөнө, харин гэмт үйлдэлтнүүд орлогын шинэ сайхан үүсвэртэй болж улам хөлжинө. Иймээс спирт архи үйлдвэрлэгчид, борлуулагчдад хориглосон хууль илүү сайхан бололцоо олгодог. Нэгэнт ядуурал лавширч байгаа учраас нийгмийн архидан согтууралт улам л гүнзгийрэнэ, харин эрүүл ахуй, хүнсний аюулгүй байдал гэх мэтийн амин чухал асуудал нь хяналтаас гараад явчихана.
“Архи уудаг х
үн адгийн амьтан, архи уудаггүй бол түүнээс ч дор” гэж нэрт яруу найрагч Цэдэндорж агсан нэг удаа шүлэглэж билээ. Архи уух сайхан, архигүйгээр чин сэтгэлийн яриа, найр хурим, баяр ёслол будаа. Гэвч архины хор хөнөөлийг донтон ч ойлгоно. Нийтээрээ ажил амьдралаа орхин архидвал нийгэм өөрөө сөнөж мөхөхийн цондон. Ухамсартай нийгэм ийм аюулаас сэргийлж удаан хугацааны, шат дараалсан, үр дүн нь гарахуйц нарийн арга хэмжээ авдаг. Скандинав нь уламжлалаараа архи хэрэглэх дуртай ертөнц. Шведэд 1972 онд “1972 оноос хойш төрсөн хүмүүсийг архи тамхинаас хол байлгах удаан хугацааны хөтөлбөр” гэж гарчээ. Одоо хөтөлбөрт хамаарагсадын түрүүч нь аль хэдийнээ гуч гарсан. Дунд нь ноогдох архичдын хувь процент хавьгүй бага. Чухам үүнийг л эх орон ард түмэнээ хайрласан жинхэнэ эрүүл ухаан гэх байх.

No comments: