Sunday, July 1, 2007

Бор шувуу

Гончигдорж, Дорлигжав тэргүүтэй 12 хүн АН-ын ҮЗХ-ийн хурал дуусангуут бөөнөөрөө Төрийн ордонд Энхбаярын өрөө рүү орцгоож явна гэнэ. Сонсоход дэндүү үнэмшилгүй л дээ. Гэхдээ энэнийг ярьж буй хүн нь үүнээ хоёр нүдээрээ барим тавим харсан ордонд байдаг худлаа ярихааргүй хүний амнаас тэр дор нь шууд дуулсан гэнэ. Тэгэхээр л хүссэн ч хүсээгүй үнэмших л хэрэгтэй. Эсвэл Эрлийн Эрдэнэбатын гэрээс Багабанди салахаа больсон гэнэ. Дээр нь Энхсайхан нэмэгдэж ирээд л гурвуулаа шөнөжин хөөрөлдөж хонодог гэнэ. Эх сурвалж нь найдвартай, юу гэвэл хамгаалалтын албаны төвшин томоотой хүн сонсогчид итгэл хүлээлгэн, цааш нь ярихгүй гэсэн болсзолтойгоор нууц задалжээ. Ийм буурьтай юманд чинь үнэмшихээс өөр яах билээ!
Иймэрх
үү худал үнэн нь мэдэгдэхгүй, цаанаа зорилго бүхий цуурхалыг өдгөө “бор шувуу” гэх болжээ. Цуурхал аль ч нийгэмд байдаг үзэгдэл. Үүнийг дагаад “Цуурхалын сэтгэл зүй” хэмээх шинжлэх ухааны салбар ч үүссэн байна. Олон нийтийн мэдээллийн хэрэгслэл буй болсноос хойш цуурхал улам шидийг олжээ. Чухам нийгмийн ухамсрын төвшин өндөрсөх хэрээр цуурхал газар авахаа больдог авч мэдээллийн хэрэгслэлүүд ”гэмгүй” өөр олон шинэлэг арга бодож олно. Цуурхал өөрөө төвшинтэй. Нийгмийн ухамсар дорой газар хамгийн болхи нь илүү амжилт олно. Цагаас ч хамаарна. Тухайн нийгэм дайн өлсгөлөн, хямрал зэрэгт идэгдсэн байвал ямар ч ухамсартай байгаад хөгийн болхи цуурхал амжилт олно.
Н
үүдэлчдийн хувьд хамгийн сайн цуурхал дэгдээгч институци нь Лам нарын хүрээлэл байлаа. Хоцрогдсон нийгмийн оюуныг залж байсны хувьд цуурхалыг гол зэвсгээ болгоно. Нүүдэлчид ч үүнд нь сайн тохирсон объект, юу гэвэл хүн ам сийрэг, хоорондоо уулзалдах нь бага учир болхи сэтгэлгээ, цуурхалын сураг, дүрслэн бодох уран сэтгэмж, хоорондын солилцооны зах зээлгүй учир биендээ дайсагнадаг чанар зэрэг нь нийлж Монгол хүний өөр хаанахын ч нийгэмд байдаггүй хардлагад автсан сонин өвөрмөц төрхийг буй болгожээ. Үүнээ дагаад эх хэл маань хүртэл дүрслэмжиндээ гаргууд мөртөө логик гаргалгаа тун тааруутай.
Б
үдүүлэг нийгмийг залж удирдах цуурхалын аргыг хувьсгалчид лам нараас өвлөн авсан төдийгүй гаргууд хөгжүүлжээ. Коммунист нийгмийн үзэл суртал ерөөс үүн дээр тогтдог болохоор сайхан уламжлал болжээ. ЗХУ-ын КГБ өөрөө цуурхалын том машин байв. Жижигхээн заль гэхэд л Өрнөдийг гүтгэсэн бяцхан өгүүлэл бичээд Энэтхэгийн англи хэл дээр гардаг багашаар хэвлэлд мөнгө өгөөд хэвлүүлчихэнэ. Дараа нь тэндээс нь өөр нэг хэвлэл ишлэнэ. Ингэж явсаар нэг мэдэхэд ДОХ-ыг америкчууд лабраториос алдсан болж хувирна. Энэ нь бүр итгэл үнэмшил болно. Энэ маягийн цуурхалын бүхэл бүтэн сүлжээтэй, төгөлдөр механизмтай Школ буй болжээ.
Монголын До яам, дараа нь НАХЯ энэ школоор х
үмүүжиж цуурхалын төгс машин болж хөгжсөн юм. Энэ нь нийгмийг хянаж байхад үнэлж баршгүй тус болно. Үүнийг өөрийн эрх мэдлийг тогтоон барихад “мэргэжлийн” хэмжээнд ашиглаж чаддаг байсан хүн Цэдэнбал байлаа. Тэрээр НАХЯ-ы сайд, Намын хянан шалгахын даргаар өөрт нь боол мэт итгэлтэй, мораль ёс зүйгээс хол, муйхар аргатай хүнийг олж тавина. Тэндээс цуурхал тарна. Үүнийг нь Цэдэнбал гэнэт олж сонссон болж жүжиглэнэ, шалгуулна, үнэн нь батлагдана. Иймэрхүү аргаар тэрээр Төмөр-Очир, Цэнд, Лоохууз, Жалан-Аажав, Ширэндэв гээд олон зуу, мянган хүнийг хэлмэгдүүлж аиьдралыг нь үрэн таран болгожээ.
Цуурхал хамгийн хорлонтой нь
үргэлж Үнэний өмнө явж чаддаг. Үнэн хожимдож ирнэ, цуурхалын хүчээр Үнэн маань хагас үнэн болж хувирна. Хагас үнэн, хагас худал хоёр тэнцүү. Хагас үнэн, бүтэн худал хоёр тэнцүү. Ердийн логик ийм. Сэтгэлгээний төвшин муутай, хувь анализ хийх чадвар мөхөс нийгэмд цуурхалыг дэгдээгч нь эрх баригч талдаа байвал ашигтай байдаг. Төвшин өндөр газраа сөрөг талын цуурхал илүү амжилт олно. Үүнийг нийгмээ шоолсон онигоонд баригдчихсан байсан Зүүн Европ, Лоохууз, Цэндийг хэрхэн урнаар илрүүлж шийтгэснийг нь домог болгон шүтсэн яриатай байсан Монголын нийгэм хоёрыг харьцуулахад хангалттай.
Монголын ардчилсан х
үчин бол манай нийгэмд буй болсон хамгийн анхны сайн дурын холбоо. Дургүй нь хүрвэл хэн нь ч салаавч үзүүлээд гарч болно. Өөрөөр хэлбэл гишүүд нь аппаратаасаа ямар ч хамааралгүй. Их дургүй хүрвэл цоо шинийг ч байгуулж болно, дур нь хүрэхээр эргээд нийлж ч болно, үүний төлөө ямар ч ял зэм үгүй. Харин Ху нам бол гарч орох нь нарийн хяналттай, тохиолдол болгонд нь нийгмийн зүгээс хавчлага, гадуурхал, амь амьдралынх нь асуудлыг сөхдөг тогтоцоор буй болсон хүчирхийлэл дээр тогтсон байгууллага, энэ инерци нь өнөө хүртэл хадгалагдсаар. Нэгэнт хоцрогдсон, уламжлалт нийгэм учраас эндээс тавьсан “бор шувуу” амжилт олдог, өөдөөс нь бүргэд, харцага тавиад ч нэмэргүйн нууц энэ. Энэ ердийн үнэн сонгуулийн хийрхэлийн үед бүр ч тод харагдана. Ху-гийн зүгээс “бор шувуу” гардан нисгэж байгаа хүмүүс нь чааваас гэмээр амьтад. Ёс суртахууныг нь ярихаа болъё, мэдлэг боловсрол нь үнгэгдсэн цаас. Гэтэл манай нийгэмд тэдний “бор шувуу” л бүргэдийн хүч, шонхорын зоригоор дүүлнэ. “Капитализм руу ордог 300 жилийн настай Европын арга, 15 жилд амжуулдаг Азийн арга гэж бий, гэтэл халзан Ганболд олон жилийн настай удаан замаар нь оруулчихсан учраас турж үхэх нь” гэсэн бичиг номтой хүн сонсвол элэг нь хатахаар молхи “бор шувуу”-г гардан нисгэгч нь харах царайны ухаан мөхөс нэгэн байлаа. Гэтэл энэ “бор шувуу” ерээд оны эхээр Монголын тэнгэрт хэрхэн хүчирхэг нислэг хийсэн гэж бодно. Өнөөдөр Ардчилсан хүчний эсрэг нэг талаас харахад дэндүү болхи, мулгуу боловч нөгөө талаасаа нийгмийнхээ сэтгэл зүйд хачин таарсан уламжлалт хүчирхэг “бор шувуу” нисэж дуртайгаа онож байна.
Энэ
өгүүллийг бичиж байх явцад нэгэн өр ялтан хөөрхий амьтан сонинд аман мэдүүлэг өгчээ. “Баабар Монголын ард түмнийг хоёр хөлөөрөө явдаг мал гэж нэрэлсэн, тэгэж ярьвал өөрөө бол мэлхий юмаа” гэсэн алиа шог гэмээр гүтгэлэг байна. Мэдээж би тэгэж хэлэх нь байтугай бодоо ч үгүй. Гэхдээ энэ “бор шувуу” манай нийгмийн тэнгэрт дүүлэх үү? Хэрэв ийм болхи мангар “бор шувуу” Монголд дүүлэн нисдэггүй байсан бол бид нийгмээрээ юу боллоо гэж ийм ядуу, арчаагүй байх билээ дээ!

No comments: