Sunday, July 1, 2007

Хэрэв энэ тоглоом байсан юм бол одоо хэдийнээ шоглоом болсон

Ерээд оны эхээр дэлхий нийтийг хамарсан ардчилсан хувьсгал урьдын Францын хувьсгал, 1848 оны хувьсгал, колонийн задрал зэрэгтэй харьцуулахад харьцангуй тайван хувьсгал байлаа. Нэг талаас хүн төрлөхтөн хавьгүй иргэншсэн, нөгөө талаас коммунизмын уналт нь дайнаар биш бодит ялагдлаар дууссан тул бараг цусгүй хувьсгал байв. Гэвч ямар ч хохиролгүй “найран дундаа” болж өнгөрсөн процесс биш. Чехсловакийн 1989 оны хэрэг явдлыг “хилэн зөөлөн хувьсгал” гэж нэрлэдэг, гэхдээ л тэнд 14 хүн амиа золиослосон. Орост 1991 онд бас л цөөн хүмүүс үхэж хожим Орос улсын баатар болцгоож байлаа. Латвичууд зурагтынхаа дэргэд жагсаал хийж байж цэргийн мөргөлдөөнд хүрсэн. Румын, Албанид бүр ч эмгэнэлт явдал боллоо. Югослав олон жил үргэлжилсэн иргэний дайнд татагдан орсон.

Эдэнтэй харьцуулахад нийгмийн нэг тогтоцоос нөгөөд шилжих процесс Монголд маш тайван, нийгмийн зөвшилцөөнөөр явагдсан. Хулганы хамраас цус гараагүй гэж энэ хувьсгалыг толгойлогчдын нэг Бат-Їүл хожим бахархан тодорхойлж байлаа. Монголчуудын тайван ухаалаг, хүлээцтэйг нэмж бахархахаа мартсангүй.
Арван жилийн дараа харин
өөрөө гүтгэлэгээр шоронгийн хаалга татах нь тэр. Энэ хооронд цус аль хэдийнээ урссан байлаа. Хувьсгалын гол удирдагчдын нэг Зориг гэртээ 17 хутгалуулж амь насаа алдав. Хэн ингэснийг бүү мэд. Өөрснөө биенийгээ ингэсэн юм байгаа юм хэмээн хувьсгалаар үзэл суртлаа алдагсад ам нийлүүлэн орлилдлоо. МАХН-ын зохиолч Дожоодорж үүнийг нь харсан байдаг, МАХН-ын сэтгүүлч Төрмандах зургийг нь буулгачихсан, МАХН-ын цагдаа Доржготов онолын хувьд тогтоочихсон, МАХН-ын “Їнэн” яагаад ийм болсныг нь “үнэнгээсээ” маргах аргагүй тайлбарласан, энэ явдлын буруутан нэгэнт тодорхой тул сонгуулийн маргааш гэхэд л шоронд хийнэ гээд МАХН ард түмэндээ амалчихсан, МАХН-ын намын үүр болгонд цуст аллагын цаад жинхэнэ эзэн нь Бат-Їүл, Элбэгдорж, Да.Ганболд нар юм гээд өөрийн шугамаар баталчихсан байв шүү дээ. Бат-Їүлийг шоронд суулгаж суулгаж сулаллаа. Хэн ч түүнээс уучлал гуйсангүй, хөөрхий минь ч гэсэнгүй. Монголд ардчилал хөгжиж байгаа нь энэ. Харин ч парламентийн танхимаас одоо болтол иймэрхүү үг арвин цухалзсан хэвээр.

Хуулиар батлагдаж хууль ёсоор болсон тендер дээр “казиноийн хэрэг” гэгчийг үүсгэн хэсэг хүмүүсийг хэлмэгдүүлж эцэст нь бас л хүний амь хохирлоо. Хуулийн хүрээнд болсон банкны реформыг мушгин гуйвуулж хэсэг улсыг идээчин уугаачингаар нь цололлоо. Жа Пүрэв гэгч энэ тухай ном бичиж намынхан нь худалдаж аваад улс орноор нэг тараасан. Хожим энэ асуудлаар МАХН-ын Энхбаяртай уулзаж “үнэхээр идсэн уусан бол би шоронд оръё, гэмтэнг цээрлүүлэх нь хууль шүү дээ, үгүй бол та нар ядахнаа миний өмнө уучлал гуйх ёстой” гэхээр “сонгуулиар жаахан халуураа л биз, улс төрч хүн байж иймхэн тоглоом даахгүй байхдаа яахав” гэж билээ.

Энэ бүхэн “тоглоом даадаг” улс төрчид гэгчдийнхээ хүрээнээс өдгөө хавьгүй хальжээ. Зүв зүгээр ажлаа хийгээд сууж байсан 15 мянган төрийн түшмэд, албан хаагчид “ардчилсан хүчний үеп ичихгүй ажлаа хийгээд сууж байсан” гэсэн шалтгаанаар гудамжинд гарч амьдралаараа хохирсоныгоо тоглоом наргиа гэж үзэхгүй байхаа. Сонгуулийн үеэр МАХН-ыг дэмжээгүй хэргээр халамжийн шугамаар тараагдаж байгаа гурил будаахнаас хасагдаж байгаа тэтгэвэрийн эмгэний хувьд энэ нь зүгээр нэг тоглоом биш болов уу даа.

Ойрд орой болгон зурагтаар Энхсайханыг зүхэх боллоо. Ард түмнээс хурааж авсан мөнгөний өртгөөр харааж байгаа хэрэг шүү дээ. Тэрэн шиг муу хүн үгүй бололтой юм. Хажууд нь түүний үеийн, адилхан 40 мянгатад өссөн, адилхан орос англи хэлтэй, дутуу нь эрдмийн зэрэг цолгүй нэг тарган шар залуу (40 нэлээд гарсан хүнийг “залуу” гэх үү, “хижээл” гэх үү?) манай үеийн манлай баатраараа дуудуулна. Түүн шиг сайн хүн алгаа! Шалтгаан нь арай ч дээ гэмээр хараалгуулдаг нь ажилгүй, өмнөөс нь санаа зовом магтуулдаг нь xарин зурагтын цалинг ч бас гартаа давхар атгадаг нэгэн. Монгол оронд ардчилал өөрийн онцлогоор хөгжиж буй нь энэ. Нэвтрүүлэг хийж буй хүмүүс нь ч өөр болж. Їзэл суртлын тэмцлийн фронтын ахмад дайчин бурхиуд араар нуугдах болжээ. Далдаас зааж өгнө. Харин дэлгэцэн дээр, сонины хуудсан дээр аль ч учраа олохгүй, ирээдүйд томоохон сэтгүүлч болчих юмсан гэж гэнэн мөрөөдсөн жаахан хүүхдүүд. Бүтэн үг хэлж сураагүй нялх амьтадыг ашиглах болж. Гэнэн мөрөөдөлдөө хөтлөгдсөн чааваас охид хэнгэнтэл санаа алдаж нүүр амаа хачин болгон цээжилсэн үгээ сумын клубын уран сайханч шиг уншина. Зусардах ухаанаа ч олохгүй. Ямар сайндаа “манай ерөнхий сайд 500 саяыг хахуульд өгье гэхээр голоод авдаггүй тийм шудрага хүн” гэж долигоноод цаадахаа бас алаад хаяхав дээ! Їнэндээ бол эдний ирээдүйг л алж байгаа юм. Зөнөгүүд хоорондоо үзэлцсээр байгаад хэнийгээ ч дийлсэн юмгүй үхэж үрэгдэж дуусна. Харин үе дамжсан өшөө хорсол хожим тэр хэдэн тэнэг нялх юмнууд дээр унана. Ядаж эх эцэг нь анхааруулдаггүй юм байх даа!

Ерэн онд биенээ гүтгэж “тоглодог” байж. Одоо энэ бол хэдийнээ шоглоом руугаа орсон. Энэ хооронд цус урссан, шорон орон болсон, хүний амь сүйдсэн, олон арван мянган хүн амьдралаараа хохирсон. Нэр төр, хувь заяагаараа хохирогсодыг тоолж барахгүй. Завсраас нь ашиг завшаан хайгчид ч сүрэглэн өссөн. Нийгмийг хувааж хагаралдуулсан буруутанг хожим үхсэн хойно нь түүх шүүх биз. Гэтэл тэрнээс нь өмнө “шүүх” гэж олон мянган хүн зурагтаа хага өшиглөх шахаж байна шүү дээ. Ингэхээр л энэ тоглоом биш л дээ.

Дараа нь яах вэ? Өширхөл хорсол улам лавшрана. Өнөөдөр Монгол зурагтаар хараалгуулдаг, магтуулдаг хоёрын хяналтаас гарна. Тэд ч үүнийг зогсоож чадахгүй. Нэг талаас зусардагчид, нөгөө талаас өширхөгчидийн хооронд хоолойгоо хэрчилцсэн тулалдаан болно. Завсарт нь мөнөөх учраа мэдэхгүй саваагүй тэнэг бацаанууд ч өртөнө. Өширхөгсөд, зусардагчдын байр сонгуулиар солигдоно. Хүрээ нь харин хавьгүй тэлсэн байх болно. Хуулийн зөв тогтоцгүй, ардчилалын туршлагагүй хоцрогдсон орнуудад энэ нь цаашилсаар иргэний дайнд хүргэсэн жишээ ч мундахгүй. Иргэний дайнаа байг гэхэд төрийн нэрийн өмнөөс гильтондолцоно. Робэспьер айсуй!

No comments: